ЦАГААН ГОЛЫН РАШААНЫ ТУХАЙ

Цагаан голын рашааныг эртнээс “Эмгэн булгийн рашаан” хэмээн нэрлэдэг байжээ. Энэ тухай домог бий. Сүүлийн үед газар зүйн байршлаар нь Хануй-Цагаан голын рашаан гэдэг байснаа одоо Цагаан голын рашаан гэх болжээ. Энэхүү рашааныг хоол боловсруулах эрхтэн (ходоод, гэдэс, элэг, цөс, нойр булчирхай) тогтолцоо, хоолой, үе мөч, зүрх судасны өвчин, эмгэгийг анагаах, биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сэргээх зорилгоор эрт үеэс ууж, орж хэрэглэж иржээ. Энэ рашааныг өндөр гэгээн Г.Занабазар аравнайлсан гэсэн яриа байдаг. Галт уулын бялхмал чулуулгын завсар зайгаар нэвчин гарах тус хүйтэн рашааныг 1960 онд нэрт газар зүйч О.Намнандорж тэргүүтэй эрдэмтэд, 1991-1992 онд геологийн төв лабораториас иж бүрэн судалгаа шинжилгээ хийж байжээ. Тэд гидрокарбонат хлорид натри голлосон найрлагатай гэж дүгнэсэн байдаг. Энэ рашаан нь шүлтлэг чанартай (8.5 PH) тул хоол боловсруулах эрхтэнд сайн нөлөө үзүүлдэг. 

Энэхүү рашаан нь Хануйн голын хавцлын ёроолоос ундран гардаг ба жилийн аль ч улиралд +5 градус байх агаад өвөл хөлдөлгүй харзлан урсдаг. Ёроолоор нь ногоон ургамал бүрхсэн, мандал дээгүүр нь нарийн ялаа эргэлдэж байдаг.

Рашааныг ууж, орж хэрэглэх заавар: Рашааныг бага багаар ууж, орж дасгах, аажмаар рашааныхаа уух ба орох хэмжээ, хугацааг ихэсгэж, дараа нь буцааж багасгах байдлаар хэрэглэдэг.

Анхаарах зүйл: Рашааныг хэрэглэх үед эхэндээ гүйлгэх, ойр ойрхон шээс хүрэх, хууч өвчин зовиур хөдлөх зэрэг шинж илэрч болзошгүй. Энэ нь рашаан танд нөлөөлж байгаа шинж юм. Рашаанд хэт удаан орох нь сайн зүйл биш бөгөөд тодорхой тэсвэрлэх хэмжээнд хүргээд зогсоох нь зүйтэй.